Нийтлэл №1

Монгол хүний жинхэнэ үнэ цэн, миний Алтайн ард түмний эгэл хэсэгт хамгийн гоёмсогоор оршин тогтнодог.

Идэр есийн жавар тачигнасан нэгдүгээр сар дөнгөж гарлаа. Өглөө бүр би ажилдаа явахдаа дулаан үед хог шүүрдэн, цастай үед цас цэвэрлэн зогсох ээж шигээ, эгч шигээ энэ дотно хүнтэй таардаг. Өвөл цантаж зун халууцсан ч өөрийнхөө ажлыг хичээнгүйлэн хийж байхыг хараад би бахархдаг юм. Жавар тачигнасан зэврүүн өдөр цантсан бээлийгээрээ шүүрнийхээ ишийг чангахан атгаж, огт даараагүй юм шиг цас бужигнуулан шүүрдэж харагддаг энэ эгчтэй өнөөдөр л заавал яриа өрнүүлнэ дээ хэмээн зориг шулуудан тэр эгчрүү чиглэн алхлаа. Нөгөө л уйтгартай ажлаа яг л анх удаа хийж байгаа мэт чин сэтгэлээсээ хийхийг нь хараад бээлийн дотроо жихүүцэж явсан гарын минь алга халуу оргиж, тэр хүний өмнөөс би өөрөөсөө ичих шиг боллоо.

“Сайн байна уу” гээд түүн дээр очиход гадаа хүйтэн байсан ч халуун дулаан энерги тэр эгчээс мэдрэгдэн би даарахаа үл анзааран хөөрөлдлөө. Өвөл, хавар, зун, намар жилийн дөрвөн улиралд биднийг дуг нойрондоо халуун хөнжилдөө амарч байхад тэд хар үүрээр хаа холоос энэ газарт алхан ирж, шүүр саваагаа барьсаар зам өгсөж уруудан, унтаж байгаа бидний явах замыг цэвэрлэсээр ургах нарыг угтдаг.

Монголчууд бид “ээж” гэж хэлд ордог, “ээж ээ” гэж унаж боссоор хорвоод хүн болдог. Гагцхүү тэр ач буянтай хүн байсан болохоор л бид зүүний үзүүрт тогтож үлдсэн ховорхон хувь заяаны эзэн болж хүний амьдралыг бүтээж яваа шүү дээ. Таны ээж шиг эгэл даруухан энэ эмэгтэй амьдрах гэж тань шиг хүүхдээ тэжээх гэж шүүр хүрзээ барьж хүйтэнд даарахаа үл мэдэн хөлсөө дуслуулан зогсоход идэж уусан зүйлийнхээ хаягдлыг тэр эгчийн зүг шидлэн явахдаа та яг юу боддог вэ?

Энэ хүнийг та ээжтэйгээ нэг зүйрлэ дээ.

Бид шөнийн харанхуйгаас биш сэтгэлийн харанхуйгаас айх хэрэгтэй болжээ.

Ухамсаргүй увайгүй зарим хүнийг хог хаячихаад хээв нэг алхаж байхад хөөрхий тэр эгч хүйтэнг хүйтэн гэж бодох завгүй чиний хаясан хогийг түүн, чамайг хальтрахаас сэргийлэн дагширсан хатуу цасыг цохин дороосоо даарсаар зогсоно. “Зам цэвэрлэн зогсож байхад машиныхаа цонхоор хог шидчихээд дайрах шахан өнгөрдөг хүн ч байна” гэж түүнийг ярихад өнөөгийн залуусын эмгэнэлт дүр нүдэнд бууна. Магадгүй ихэнх хүмүүсийн бодсоноор тэд хийх ёстой ажлаа хийж байж болно. Хүмүүс хог тарьж, тэр хогийг цэвэрлэснийхээ төлөө цалин авдаг нь ч үнэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл тэдний ажлыг хүндэлж, ойлгож, хогоо саванд нь хийчих, өрөвдөж туслах хэмжээний ухамсартай хүмүүс ховрын ховор хэвээрээ л байна. Тэднийг гэнэтийн ослын даатгалд ч хамруулддаггүй нь нийгмээс тусгаарлан гадуурхаж байгаагийн шинж. Монгол хүн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрх нь үндсэн хуулиндаа тусгагдсан байдаг. Гэтэл зам хальтаргаатай байгаа энэ үед машин гулгаж ирээд шүргэхийг хэн байг гэхэв. Энэ нөхцөлд тэднийг хамгаалах дүрэм журам ч заагдаагүй нөхөн олговор даатгалд ч хамрагдаагүй нь сэтгэл гонсойлгож байна.

Алтай хотынхоо нэрийг дуурсгаж байгаа аугаа тамирчид, дуучид, алдартнуудыг би хүндэлдэг л дээ. Хийж бүтээснээр нь тэднийг шагнаж, урамшуулж, одон тэмдэг бай шагналыг нь улсаас тодорхой хэмжээнд өгсөөр л байгаа. Харин өглөө өнөөх л замаа цэвэрлэн тарчигхан амьдралаа та биднээс нуун, хэнээс ч гомдол үл нэхэн амьдрах эгэл жирийн энэ хүмүүсийг хэн үнэлж, юугаар урамшуулдаг юм бол?

Булган шуб өмсөж үнэтэй жип хөлөглөсөн эрхмүүдийг тансаг машиныхаа цонхоор зажилсан бохио чулуудахыг хараад надад хэзээ ч төрж байгаагүй үнэ цэнэ саяхан танилцсан энэ эгчийг харахаар өөрийн эрхгүй төрдөг юм. Яагаад зарим төрийн томчуудыг, үнэтэй ганган хослол өмсөж телевизээр гарах хурган дарга нарыг, хямсганан ярваганах баян цатгалан авгайчуудыг, нүд гялбан гоёчоод түүндээ сэтгэл ханахгүй яваа загвар өмсөгч шиг хүүхнүүдийг хараад хүндлэх сэтгэл төрдөггүй мөртлөө бор гэрт амьдардаг хөл муутай эгчийг, ард түмний амьдрал хэцүүхэн байгааг мэдээгээр ярих үл таних хүнийг, аливаа байгууллагын аж ахуйн ажилчдыг, арчаад байвч хэнд ч үнэлэгддэггүй үйлчлэгчийг хэзээ хэзээний таньдаг юм шиг хүндлэх сэтгэл төрөөд байдгийг би өөрөө ч заримдаа ойлгодоггүй.Яахав угшил гарал маань ажилчин учраас ч ийм байх.

Монгол хүний үнэ цэнэ өмссөн хувцас, хийж байгаа ажлаас шалтгаалдаггүй. Харин дотоод ертөнц, хичээнгүй зан, бусдын төлөө гэсэн аугаа их сэтгэлээр тэр үнэ цэнэ тодорхойлогддог. Монгол хүний жинхэнэ үнэ цэнэ миний ард түмний эгэл хэсэгт хамгийн гоёмсогоор оршин тогтнодог.

Тэднийг та бидний хаясан хогийг цэвэрлэхийн тулд ажиллаж байна гэж бодож байна уу. Үгүй ээ. Өдөр бүр хогийн шүүр барин хогоо цэвэрлэж яваа аав ээжүүд Алтайчуудын тархины хогийг өдөр бүр угаан цэвэрлэж байдаг юм.

Яагаад бид ойр орчимдох цасаа цэвэрлэчихэж болохгүй гэж,зарим байгууллагууд цэвэрлэж байна, бас ч сайшаалтай шүү. Тэдний ажлаас хөнгөлж байгаа сэтгэл нь халуун хүмүүст талархъя.

Тиймээ. Тэд ажлаа голоогүй. Голохгүй ч үгүй. Ар гэрт нь бөртөлзөх алаг үр, амьдралынхаа сайн сайхны төлөө үнэлэмжгүй бөгөөд өрөөлийн төлөөх энэ буянаа үргэлжид тэд түгээсээр байх болно.

Улс орныг уран илтгэгч авч явдаггүй

Улс орныг уяхан сэтгэлтэн авч явдаг гэдэг юм билээ.

Сэтгэгдэл үлдээхээс өмнө таны сэтгэгдэл?

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд altain-medee.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77227722 утсаар хүлээн авна.